2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан билээ. Тус хууль нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор үндэсний баялгийн санг байгуулах, хуваарилах, удирдах, эдгээртэй холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулсан болно. Энэхүү хуулийн дагуу үндэсний баялгийн сангийн гол эх үүсвэрүүдийн нэг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болно. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд мөн өдөр нэмэлт, өөрчлөлт (цаашид “Нэмэлт өөрчлөлт” гэх) орсон бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтийн онцлох зохицуулалтуудыг тоймловол:

  1. Хувьцаа эзэмшлийн хязгаарлалт

Энэхүү Нэмэлт, өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшилд тодорхой хязгаарлалт тогтоосон болно. Тодруулбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нийт гаргасан хувьцааны 34 хувиас дээш хувийг аливаа этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт эзэмшихийг хориглосон. Гэхдээ төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшлийн хувьцаа, Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд дээрх зохицуулалт хамаарахгүй юм. Иймээс уг Нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 34 хувиас  дээшхи хувьцааг дангаар болон өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээдүүд хувьцаагаа бусдад шилжүүлэх шаардлага үүсч байна.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Засгийн газар тухайн компанийг удирдах, хуулийн хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхт төлөөлөгчийг томилох эрхтэй байна. Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг батлах эрхтэй байхаар хуульд тусгагдсан бөгөөд уг журам хараахан батлагдаагүй байна.

Энэхүү хувьцаа эзэмшилд тавигдсан хязгаарлалтын шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлэх шаардлагатай тодорхой хугацааг Нэмэлт, өөрчлөлтөнд тусгаж өгөөгүй байна.

  • Нөхөн төлбөргүй төрийн оролцоо

Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 болон 5.5 дахь хэсэгт хайгуулын ажлыг улсын төсвийн оролцоотойгоор хийсэн эсэхээс хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 болон 50 хүртэлх хувь байхаар заасан бөгөөд уг хувь, хэмжээг орд ашиглах гэрээгээр тодорхойлдог байсан.

Харин энэхүү Нэмэлт, өөрчлөлтийн дагуу тус зохицуулалт нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос гадна түүний үүсмэл ордод мөн үйлчлэхээр болсон бөгөөд төр өөрт хамаарах хувь, хэмжээг үнэ төлбөргүйгээр эзэмших болсон.

  • Татварын холбогдох өөрчлөлтүүд

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

Стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн эзэмшигч нь хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ бэлэглэх, өв залгамжлалаар өвлүүлэх хэлбэрээр газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн бусдад шилжүүлсэн тохиолдолд 10 хувийн татвар ногдуулдаг байсныг 30 хувь болгон нэмэгдүүлсэн.

Энэ зохицуулалт зөвхөн стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөлд хамаарна.

Дүгнэлт

Энэхүү Нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын газрын хэвлийн баялгаас одоо ба ирээдүйн үед үр өгөөжийг хүртээх, хуваарилах зорилготой хэдий ч өмчлөлийн хязгаарлалт, нөхөн төлбөргүй төрийн оролцоо гэх мэт уул уурхайн салбарт тавих төрийн хяналт нэмэгдсэнээр тухайн салбарын хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.