ESG ТАЙЛАГНАЛЫН ОЙЛГОЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВ

ESG гэж юу вэ?

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ирээдүйг харсан олон эрдэмтэн судлаачид, зөвлөхүүд, гүйцэтгэх удирдлагууд, төрийн бус байгууллагуудын лидерүүд нийгмийн илүү хариуцлагатай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бизнес хэрхэн цэцэглэн хөгжиж болохыг харуулсан онолыг сурталчилж байна[1]. Энэ нь урьд өмнө огт байгаагүй ойлголт биш бөгөөд “нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт” гэх мэт янз бүрийн ойлголтын дор хэдэн арван жил оршин тогтнож ирсэн зүйл юм. ESG гэдэг нь “Environment – Байгаль орчин”, “Society” – Нийгэм”, “Governance - Засаглал” гэх үгсийн товчлол бөгөөд энэхүү гурван үсэг дангаараа төдийлөн ихийг илэрхийлэхгүй байж болох ч хамтдаа аливаа бизнес, аж ахуйн нэгжийн байгаль орчны асуудалд хандах хандлага, нийгмийн хариуцлага, засаглалын хүчин чадал зэргийг илтгэдэг санхүүгийн бус чухал шалгуур үзүүлэлтүүд болоод байна. Дэлгэрүүлбэл:

  • Байгаль орчин: Энэ шалгуур үзүүлэлт нь тухайн бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, нөөц, хүлэмжийн хийн ялгаруулалт, биологийн олон янз байдал, агаар, усны чанар, ойн хомстол, хог хаягдлын менежмент, газар ашиглалт гэх зэрэгт хэрхэн хандаж, нөлөөлж буйг харуулдаг. Байгаль орчны эдгээр хүчин зүйлс, тэдгээрт учруулах эрсдэлийг тооцдоггүй компаниуд урьдчилан тооцоолоогүй санхүүгийн эрсдэлтэй тулгарч болзошгүй юм.  
  • Нийгэм: Нийгмийн шалгуур нь тухайн аж ахуйн нэгж нийгэмдээ хэрхэн нөлөөлж байгааг шалгадаг. Шалгуур үзүүлэлтүүдэд жендер ба олон янз байдал, ажилчдын оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, бодлого, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, өгөгдөл хамгаалах, хувийн нууц, олон нийтийн харилцаа, хүний ​​эрх, хөдөлмөрийн стандарт, нийгэмд нөлөөлж үнэ цэнийг бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлага зэрэг олон хүчин зүйлсийг авч үздэг.
  • Засаглал: Засаглалын шалгуурт компанийн манлайлал, ТУЗ-ийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх удирдлагын хангамж, аудитын хорооны бүтэц, дотоод хяналт, хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцогч талууд (stakeholders)[2]-тай харилцах харьцаа, ил тод байдал, хээл хахууль, авилга, лобби, улс төрийн хандив зэрэг хүчин зүйлийг авч үздэг байна.

ESG нь бизнесийн салшгүй хэсэг болж буйтай нэгэн адил байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуур үзүүлэлтүүд нь үргэлж харилцан уялдаж, бие биетэйгээ нөхцөлддөг. Жишээ нь нийгмийн шалгуур үзүүлэлт нь байгаль орчны шалгуур үзүүлэлттэй давхацдаг бол байгаль орчны хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх, тогтвортой байдлыг хангахад засаглал чухал үүрэг гүйцэтгэнэ[3].  

Эдийн засгийн өсөлт, даяаршил, технологи хөгжихийн хэрээр бизнесүүд өргөжин тэлж, энэ хэрээр байгалийн нөөц ашиглалт нэмэгдэж, байгаль орчинд үзүүлэх хүний хүчний нөлөөлөл үүнээс үүдэн нэмэгдэх тусам тогтвортой хөгжил, байгаль орчны асуудал дэлхийн улс орнуудын анхаарлыг ихээхэн татсаар байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаас үзвэл дэлхийн хүн амын жилийн нийт нас баралтын 24% (жилд 13,7 сая орчим), 0-5 насны хүүхдүүдийн нийт нас баралтын 28% нь урьдчилан сэргийлэх боломжтой байгаль орчны нөлөөллөөс шалтгаалдаг[4]. Байгаль орчны асуудал нь биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, эко системд нөлөөлөхөөс гадна хүний эрүүл мэнд, амь нас, амьдралын чанарт ихээхэн нөлөөтэйг энэ тоо баримтаас харж болно.

ESG-г тогтвортой байдал, тогтвортой хөгжил гэх ойлголтуудаас салган үзэх боломжгүй бөгөөд эдгээр нь эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын тэнцвэрт байдлыг урт хугацаанд хангах зорилготой. Тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг зөвхөн байгаль орчны асуудал гэж үзэх нь хангалтгүй юм.

Норвегийн Ерөнхий сайд асан Гро Харлем Брундтландын удирдаж байсан НҮБ-ын Дэлхийн байгаль орчин, хөгжлийн комиссоос 1987 онд "Брундтландын тайлан" гэгддэг "Бидний нийтлэг ирээдүй" тайланг хэвлүүлсэн бөгөөд тус тайланд тогтвортой хөгжлийн зарчмыг "Ирээдүй хойч үеийнхний өөрсдийн хэрэгцээг хангах чадварыг алдагдуулахгүйгээр өнөөгийн эрэлт хэрэгцээгээ хангахуйц хөгжил юм" гэж тодорхойлжээ. Тайланг хэвлэн нийтэлсэн нь дэлхийн тогтвортой хөгжлийн ач холбогдлын талаарх олон улсын мэдлэг, ойлголтыг өдөөхөд чухал алхам болсон гэж үздэг[5]. Хүн төрөлхтөн тогтвортой хөгжлийн асуудлыг 1960-аад оноос хүчтэй хөндөж эхэлжээ.

EGS гүйцэтгэл сайтай, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагад өндөр ач холбогдол өгдөг компани, бизнесүүдийн ашиг орлого, өгөөж эерэг байхад хөрөнгө оруулагчид, оролцогч талууд болон хэрэглэгчид тэдгээрийн эх дэлхийд үлдээж буй ул мөр, нийгмийн хариуцлага, ёс зүйд ихээхэн ач холбогдол өгөх болсонтой холбоотой юм.

McKinsey 2019 оны 11-р сарын нэгэн нийтлэлдээ ESG нь үнэ цэнийг таван чухал замаар бий болгодог гэжээ. Үүнд: (1) хөрөнгө оруулалт татах замаар шинэ зах зээл хөгжүүлэх, өнөөгийн зах зээлийг өргөжүүлэх, (2) эрчим хүч бага зарцуулах, усны хэрэглээгээ багасгах гэх мэтээр зардал бууруулах, (3) зохицуулалт, хууль зүйн оролцоог багасгах, (4) ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, (5) хөрөнгө оруулалт, хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох зэрэг хамаарна[6].

ESG хөрөнгө оруулагчид

Бизнест хөрөнгө оруулагчдын шалгуур үзүүлэлт, сонирхол цаг үеэ даган өөрчлөгдөж байгаа нь ESG-тэй ихээхэн холбоотой ажээ. Өнөөдөр ESG хөрөнгө оруулалт (“нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт”, “нөлөөллийн хөрөнгө оруулалт”, “тогтвортой хөрөнгө оруулалт/санхүүжилт” гэх мэтээр нэрлэх нь түгээмэл) гэх ойлголт хэдийн танил болсон төдийгүй ESG сан, хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэхийн сацуу ихээхэн үр ашигтай ажиллах болсон нь тус үзэл баримтлалын ач холбогдлыг бидэнд харуулж буй нэг хэлбэр болов уу.

ESG-гийн хөрөнгө оруулагчид нь үнэ цэн  дээр суурилсан хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд дараагийн улирлаас илүү ойрын арав, хорин жилд юу болохыг сонирхож, ач холбогдол өгдөг, хөрөнгө оруулалтынх нь өөрчлөлт, үр дүн нь цаг хугацаа шаарддаг гэдгийг тэд ойлгодог. Иймээс тэд урт хугацааны үнэ цэнийг бий болгохын тулд тухайн компанийг бэхжүүлэхийн тулд хамтран ажилладаг.

Дэлхийн өнцөг булан дахь мэргэжлийн менежменттэй хөрөнгийн гуравны нэг буюу ойролцоогоор 30 их наяд долларыг ESG шалгуурт хамруулж байна. Энэ бол онцлон тэмдэглэхүйц дүн бөгөөд 2016 оноос хойш даруй 30 гаруй хувиар өссөн хэмжээ юм. Зөвхөн 2020 оны 4-р сараас 6-р сарын хооронд хөрөнгө оруулагчид ESG-гийн хувьцааны санд 70 гаруй тэрбум доллар төвлөрүүлсэн нь сүүлийн жилүүдийн мөнгөн урсгалын хэмжээнээс хамаагүй илүү байна[7].

Нэмж жишээ дурдвал Европийн комиссоос 2019 оны 12-р сарын 11-ний өдөр Европын ногоон хэлцэл нь Европыг 2050 он гэхэд дэлхийн уур амьсгалын хамгийн дундыг баримталсан (neutral) тив болгоно гэсэн томоохон амбицтай зорилт тавьснаа зарласан билээ. Ингэхдээ уур амьсгалд чиглэсэн үйл ажиллагаа нь Европын Ногоон хэлцлийн зүрхэн хэсэг байх бөгөөд хүлэмжийн хийн ялгарлыг их хэмжээгээр бууруулах нь хамгийн сүүлийн үеийн судалгаа, инновацид хөрөнгө оруулах, Европын байгаль орчныг хадгалан хамгаалах зэрэг томоохон арга хэмжээний хөшүүрэг болно гэж үзжээ. Тус зорилтын хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн багадаа 55% бууруулж, NextGenerationEU-г сэргээх төлөвлөгөөнөөс 1,8 их наяд еврогийн хөрөнгө оруулалтын гуравны нэг буюу Европын холбооны долоон жилийн төсвөөр Европын Ногоон хэлцлийг санхүүжүүлнэ гэжээ[8].

Монгол Улсын хувьд 2020 онд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны нийт олгосон зээл 18.6 их наяд төгрөг байгаа бол Монголбанкнаас гаргасан ногоон зээлийн тайланд тус онд нийт 2,463 ногоон зээлд 48.4 тэрбум төгрөгийг олгосон ба үүнээс бизнесийн байгууллагад 95 хувь, иргэнд 5 хувь нь хуваарилагдсан байна. Тогтвортой санхүүжилтийн уг зээлээс нийт 8 салбарын байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес, төслүүдийг дэмжсэн нь дараах байдалтай байна[9]. Үүнд:

• Тогтвортой ус, хаягдлын хэрэглээ 54%;

• Ногоон барилга 25.8%;

• Тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал 13.3%;

• Эрчим хүчний хэмнэлт 3.2%;

• Карбон бага тээвэр 2.0%;

• Бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа 1.1%; • Бага бохирдуулагч эрчим хүч 0.5%;

• Сэргээгдэх эрчим хүчний салбарт 0.2% тус тус хамрагджээ.

Монгол Улсад ногоон зээл, тогтвортой зээлийн санхүүжилт олгож буй сангуудын мэдээллийг Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо (“СЗХ”)-ны дараах мэдээллээс үзнэ үү. http://www.frc.mn/resource/frc/Document/2021/04/13/b4tto0ihypdl6qq0/%E2%84%9628.pdf.

ESG тайлан

ESG тайлан (“тогтвортой байдлын тайлан” гэж мөн нэрлэдэг) гэж байгаль орчин, нийгэм, компанийн засаглал гэсэн гурван чиглэлээр компанийн үйл ажиллагааг хамарсан өгөгдлийг ил болгохыг ойлгоно. Энэ нь хөрөнгө оруулагчид болон бусад оролцогч талуудад тухайн бизнесийн эдгээр гурван чиглэлд үзүүлэх нөлөөллийн талаарх тойм мэдээллийг өгдөг. ESG тайлан нь хөрөнгө оруулагчдад байгаль орчны гүйцэтгэл эсвэл нийгмийн болон засаглалын үйл ажиллагаанаас үүдэлтэй санхүүгийн эрсдэл өндөртэй компаниудаас зайлсхийхэд тусалдаг. ESG-гийн гүйцэтгэл өндөртэй компаниуд хөрөнгө оруулалтаас өндөр ашиг хүртэж, аливаа хямралыг эрсдэл багатай тэсвэрлэх чадвартай байдаг байна. Нөгөөтэйгүүр, эдгээр тайланг нийтэлдэггүй компаниудын ил тод байдал хангалтгүй байдгаас хөрөнгө оруулалт татах, оролцогч талуудтай ойлголцох, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ихээхэн бэрхшээл учирч болзошгүй.

Эхэндээ ESG-г тайлагнах нь компаниудын дунд түгээмэл практик байгаагүй бөгөөд ил болгож буй мэдээлэлд ямар нэг тогтсон бүтэц, удирдамж, шаардлага байгаагүй. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам ESG-гийн мэдээлэл нь хөрөнгө оруулагчид болон оролцогч талуудын анхаарлыг ихээхэн татаж, ESG-д үнэ цэнэ өгч эхэлсэн нь компаниуд ESG-гийн хүчин чармайлт, гүйцэтгэлээ илүү бүтэц зохион байгуулалттай, зохистой тайлагнахад нөлөөлжээ. ESG-д ач холбогдол өгөх болсноор ESG-гийн агуулгыг урьд өмнө аж ахуйн нэгжийн жилийн тайланд хавсаргасан ганц эсвэл хоёр хуудас мэдээллээс илүү анхаарал татахуйц нарийвчилсан мэдээлэл, тоон үзүүлэлттэй боловсронгуй болгоход хүргэжээ[10].

Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн улс орнуудын нэгдэн орсон, тэдний үүрэг хариуцлага, оролцоонд чухал шалгуур, шаардлагыг тавьж буй сүүлийн үеийн томоохон санаачлагууд болох 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан 17 зорилго, 169 зорилт, 244 үзүүлэлттэй “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн талууд болох 196 улсын 2015 онд баталсан “Парисын хэлэлцээр” зэрэг нь ESG тайлагналын  сэдвүүдийн тоог нэмж, агуулгыг нь илүү нарийсгаж, гүнзгийрүүлж байна. Үүний үр дүнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өөр өөр тогтолцоо, стандарт, зэрэглэл, индексүүд ESG-ийн тайлагналыг чиглүүлэх болсон. Тогтвортой хөгжил, уур амьсгалын асуудалд улс орон төдийгүй аж ахуйн нэгж, хувь хүний оролцоо нэг бүр чухал ач холбогдолтой.

2020 оны 7-р сарын байдлаар S&P 500 Index компаниудын 90% нь тогтвортой байдал/ESG тайлангаа нийтэд хэдийн хэвлэн нийтэлсэн байсан байна[11]. Энэ нь бүх цагийн үеийн хамгийн өндөр үзүүлэлт нь бөгөөд 2011 онд 20%, 2012 онд 53%, 2014 онд 75%, 2018 он гэхэд 86% хүрсэн байжээ.

Carrots & Sticks 2020[12] тогтвортой байдлын тайлагналын бодлого, дэлхий нийтийн хэтийн төлөвийн тайланд засгийн газар, санхүүгийн зохицуулагч байгууллагууд тайлагналын шаардлага, удирдамж (тайлагнах нөхцөл) гаргахад хамгийн идэвхтэй хэвээр байгаа бол дараа нь хөрөнгийн биржүүд болон салбарын байгууллагууд эрэмбэлэгдэж буйг дурджээ. Түүнчлэн тус тайланг 2006 оноос хойш нийтэлснээс хойш өдийг хүртэл өөр өөр улс орнууд дахь сайн дурын болон заавал биелүүлэх нийт нөхцөлийн (reporting provisions) тоо нэлээн нэмэгдэж байгаагаас Carrots & Sticks 2020 тайланд хамрагдсан 614 нөхцлөөс 245 нь Европ, 174 нь Ази номхон далай, 85 нь Өмнөд Америк, 73 нь Африк болон Ойрхи дорнод, 37 нь Хойд Америкийн бүс нутгуудынх байгаа нь аль бүс нутаг ESG тайлагналд хэрхэн ач холбогдол өгч, зохицуулалт хийж, чиглүүлж буйг харуулж байна.

ESG тайлагналд стандарт, хамрах хүрээ (framework), зэрэглэл, индексүүд үндсэн зохицуулалт, чиг баримжааг өгч байгаа бол эдгээр дөрвөн хэрэгсэл нь бие биенээ нөхөж чаддаг бөгөөд хоорондоо болон зэрэгцэн ажиллах боломжтой. Товчхондоо[13]:

  • Стандартууд нь ESG-гийн хэмжилт, тодруулгын тодорхой дүрмийг хангаж өгдөг процесст суурилсан хэмжүүр юм. ESG стандартууд нь компаниуд юу тайлагнах ёстойг зааж өгдөг.
  • Хамрах хүрээ гэдэг нь мэдээллийг хэрхэн яаж ил болгох талаар зарчим, удирдамж өгдөг дээд түвшний удирдамж байна.
  • Үнэлгээний агентлагууд өөр өөр компаниудын ESG мэдээллийг цуглуулж, судалгаа, аргачлал боловсруулан зэрэглэл тогтоодог.
  • Индексүүд өгөгдлийг нэг хэмжүүр болгон нэгтгэдэг бөгөөд тэдгээр нь тодорхой зах зээл эсвэл стратегийг илэрхийлдэг. Индексүүд нь хөрөнгө оруулагчдад ESG тайлангийн талаарх компанийн гүйцэтгэлийг хянах боломжийг олгодог.

Тогтвортой байдлын тайлагналын замыг барилцаж буй гол хэрэгслүүдийг дор үзүүллээ. Үүнд:[14]

ToolСтандартХамрах хүрээЗэрэглэлИндекс
SASB Sustainability Accounting Standards Board (Тогтвортой байдлын нягтлан бодох бүртгэлийн стандартын зөвлөл)   
GRI Global Reporting Initiative (Тайлагналын олон улсын санаачилга)   
CDSB Climate Disclosure Standards Board (Уур амьсгалтай холбоотой тодруулгын стандартын зөвлөл)   
IIRC International Integrated Reporting Council (Олон улсын тайлангийн нэгдсэн зөвлөл)   
CDP  
TCFD   
MSCI  
Sustainalytics   
Bloomberg  
Refinitiv  
ISS Institutional Shareholder Services group of companies   
DJSI Dow Jones Sustainability Indices (Dow Jones-ын тогтвортой байдлын индексүүд)   
FTSE4GOOD   
GSA Corporate Sustainability Assessment (Байгууллагын тогтвортой байдлын үнэлгээ)   

Тайлангаа хаана нийтлэх вэ?

Компани, аж ахуйн нэгжүүд тайлан, мэдээллээ жилийн, улирлын үйл ажиллагааны тайланд тусгах эсвэл тусдаа ESG тайлан, тогтвортой байдлын тайлан бэлтгэх, хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгадаа оруулах, товхимол бэлтгэх, хэвлэлийн мэдээ, вэбэд байршуулах гэх мэтээр олон нийт, зорилтод хэсэгт хүргэж байна.

Тайлагналын цаашдын чиг хандлага

Тайлан заавал биелүүлэх болон сайн дурын гэсэн хэлбэртэй байна. Одоогоор ESG тайлан нь ихэнх улсад сайн дурын хэлбэртэй байдаг. Тайлангийн зохицуулалтууд гол төлөв хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, үндэстэн дамнасан томоохон корпорациудын үйл ажиллагааруу  чиглэж байгаа ч цаашид бизнес, аж ахуйн нэгжийн хэлбэр, хэмжээнээс үл хамааран бүгд энэхүү тайланг санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлангийн адил бэлтгэдэг, тайлагнадаг болох болов уу гэсэн таамаг түгээмэл бий.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьд хөрөнгийн биржүүдээс тайлангийн удирдамж батлах нь нийтлэг. Салбар болон үйлдвэрлэлийн онцлогт тулгуурласан тайлангийн нөхцөлүүд илүү нийтлэг болж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн чиг хандлагаас харвал тайлангийн нөхцөлүүд гол төлөв санхүүгийн үйлчилгээ (банк, даатгал, хөрөнгө оруулалт)-г хамарсан байна. Ковид 19 цар тахлын улмаас эрүүл мэндтэй холбоотой асуудлууд тайланд нэмж орж ирж буй бол үүнийг дагаад засаглалын сэдвүүд дунд авилгын эсрэг асуудал хамгийн ихээр анхаарал татаж байна.[15]

Тайлангийн хэрэгслүүд нь ESG-гийн гүйцэтгэл, үр дүнгийн талаарх мэдээллийг шаардлагатай этгээдүүдэд өгдөг хэдий ч өөр өөр стандарт, удирдамжийг ойлгох, дагаж мөрдөх, хэрэглэхэд компаниуд болон тайланг хэрэглэгчдэд төөрөгдөл, ойлгомжгүй байдал үүсгэдэг. Тайлагналын стандартууд улам бүр нэмэгдээд зогсохгүй илүү боловсронгуй, нарийн төвөгтэй болж буйтай ч энэ нь холбоотой юм. Тус шалтгааны улмаас 2020 онд олон улсын тайлагналын хамрах хүрээ, стандарт тогтоогч CDP, CDSB, GRI, IIRC, SASB (дээрх хүснэгтэд дурдсан) гэх голлох таван байгууллага “Компанийн дэлгэрэнгүй тайлагналд хамтран ажиллах зорилгын мэдэгдэл[16]”-ийг нийтэлжээ. Энэ баримт бичигт эдгээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамрах хүрээ, стандартуудыг харилцан уялдаатай байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж дээрх бэрхшээл, төвөгтэй байдлыг хөнгөвчлөхөө илэрхийлжээ.

Тэд одоо байгаа хамрах хүрээ, стандарт, стандарт тогтоох зүйл явц нь компанийн тайлагналын цогц систем рүү шилжих үндэс суурийг тавьж өгч чадна гэж үзэж буйгаа тухайн баримт бичигтээ дурджээ. 1970-аад оны үед Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт бий болж, 2001 онд СТОУС болж, 140 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн билээ. ESG тайлагналын стандарт, хамрах хүрээг ч ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүх салбарын этгээдүүдийн шаардлагатай мэдээллийг хамарсан хүртээмжтэй стандарт болох хэрэгцээ нэгэнт үүссэнийг энэ чиглэлд үйл ажиллагаа эрхлэгчид, мэргэжилтнүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Ковид 19 цар тахал ESG-гийн эрсдлийн удирдлагын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлсэн бөгөөд тайлагналын хэрэгцээ шаардлага цаашид ч өсөн нэмэгдэхийг холбогдох олон улсын байгууллагууд сануулсаар байна.

ESG тайлагналын стандарт, хэрэгслүүд Монголд

Арилжааны банкуудын хувьд тогтвортой санхүүжилтийн 8 зарчим, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах болон нэхмэлийн салбар гэсэн 5 удирдамжид туссан үнэлгээний дагуу зээлийн хүсэлтийг үнэлдэг[17]. Монголын банкуудын холбооноос “Монгол Улсын тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд[18]” гэх удирдамжийг 2015 онд баталсан ба энэ удирдамжид 8 зарчмын хүрээнд олон улсын стандартууд, тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаар чиглэл өгсөн байна.

Хөрөнгийн зах зээлийн хувьд тогтвортой, ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр үнэт цаас гаргагч компаниудад зориулсан ESG ил тод байдал, тайлагналын журам, стандарт, гарын авлагыг боловсруулах ажил “Монголын тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга”төслийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдөн “Тогтвортой хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон Монголын тогтвортой санхүүгийн холбоос холбооны удирдах зөвлөлийн дарга Норихико Като нар 2021 оны 5-р сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан байна.

ESG тайлагналын асуудал хэдийгээр манай улсын хувьд төдийлөн хөгжөөгүй боловч бидний нэгдэн орсон “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Парисын хэлцэл” зэрэг томоохон баримт бичгүүдээр хүлээсэн үүргүүд нь эдгээр тайлангийн хэрэгслүүдийн нэвтрүүлэн ашиглах хурдасгуур болж буй нь гарцаагүй. Хэдий энэ тал дээр манайд туршлага стандарт хангалтгүй ч хэрэв бизнесээ урт хугацаанд тогтвортой, хариуцлагатайгаар удирдаж, ирээдүйд хөрөнгө оруулалт татъя, бизнесээ өргөжүүлье гэвэл ESG-д ач холбогдол өгч, холбогдох тайлагналын хэрэгслүүдийг өөрийн үйл ажиллагаа, хэрэгцээнд нийцүүлэн хэрэглэж, тайлан хөтлөх нь хэзээ нэг өдөр хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

ESG шинжилгээ хийлгэж, бизнесийнхээ бодит үнэлэмжийг тодорхойлон, улмаар цаашид ямар арга хэмжээ авах талаар бидэнтэй холбогдож нэмэлт мэдээлэл, үйлчилгээ авахыг урьж байна.


[1] Kenneth P.Pucker, Overselling Sustainability Reporting, Harvard Business Review, https://hbr.org/2021/05/overselling-sustainability-reporting

[2] Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн зөвлөмж, “Компанийн оролцогч талууд гэдэг нь хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд, ажиллагсдаас эхлээд төрийн болон төрийн бус байгууллагууд, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, санхүүжүүлэгчид гэх мэт олон талын этгээдүүд юм. Компани эдгээртэй харьцахдаа ихэвчлэн харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулах замаар ажилладаг.” http://governance.mn/tips

[3] McKinsey, Five ways that ESG creates value, https://www.mckinsey.com/~/media/McKinsey/Business%20Functions/Strategy%20and%20Corporate%20Finance/Our%20Insights/Five%20ways%20that%20ESG%20creates%20value/Five-ways-that-ESG-creates-value.ashx

[4] Тайланг эндээс үзнэ үү https://www.who.int/publications/i/item/9789241565196

[5] Environment & Society Portal,  http://www.environmentandsociety.org/mml/un-world-commission-environment-and-development-ed-report-world-commission-environment-and

[6] McKinsey, Five ways that ESG creates value, https://www.mckinsey.com/~/media/McKinsey/Business%20Functions/Strategy%20and%20Corporate%20Finance/Our%20Insights/Five%20ways%20that%20ESG%20creates%20value/Five-ways-that-ESG-creates-value.ashx

[7] Jennifer Howard – Grenville, ESG Impact Is Hard to Measure – But Its not Impossible, Harvard Business Review, https://hbr.org/2021/01/esg-impact-is-hard-to-measure-but-its-not-impossible

[8] European Commission, A European Green Deal, https://ec.europa.eu/info/strategy/priorities-2019-2024/european-green-deal_en

European Commision, EU Climate Action and the European Green Deal, https://ec.europa.eu/clima/policies/eu-climate-action_en

[9] Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Хүртээмжтэй санхүүжилт товхимол #28, http://www.frc.mn/resource/frc/Document/2021/04/13/b4tto0ihypdl6qq0/%E2%84%9628.pdf

[10] Schneider Electric, The Future of ESG Reporting, https://gresb.com/the-future-of-esg-reporting/

[11] Governance & Accountability Institute, Inc, https://www.ga-institute.com/research-reports/flash-reports/2020-sp-500-flash-report.html

[12] Тайланг эндээс үзнэ үү https://www.carrotsandsticks.net/media/zirbzabv/carrots-and-sticks-2020-interactive.pdf

[13] Schneider Electric, The Future of ESG Reporting, https://gresb.com/the-future-of-esg-reporting/

[14] Schneider Electric, The Future of ESG Reporting, https://gresb.com/the-future-of-esg-reporting/

[15] Carrots & Sticks report, https://www.carrotsandsticks.net/media/zirbzabv/carrots-and-sticks-2020-interactive.pdf

[16] CDP, CDSB, GRI, IIRC and SASB, Statement of Intent to Work Together Towards Comprehensive Corporate Reporting, https://29kjwb3armds2g3gi4lq2sx1-wpengine.netdna-ssl.com/wp-content/uploads/Statement-of-Intent-to-Work-Together-Towards-Comprehensive-Corporate-Reporting.pdf

[17] Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Хүртээмжтэй санхүү товхимол #28, http://www.frc.mn/resource/frc/Document/2021/04/13/b4tto0ihypdl6qq0/%E2%84%9628.pdf

[18] Монголын банкуудын холбоо, Монгол Улсын тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд,  http://toc.mn/ufiles/uploaded/files/1534411217134.pdf